Танилцуулга
Тус сайт нь үнэ төлбөргүй блог буюу хувийн вэбсайтын үйлчилгээ үзүүлэгч сайт юм. Анхны Монгол хэл дээрх блог түгээгч платформ болов уу.Анх blog.dusal.net нэртэйгээр 2006 оны 1-р сарын 6-нд анх нээгдсэн ба 2006 оны 7 сараас blogmn.net (+coo.mn) нэртэйгээр өнөөг хүртэл тасралтгүй ажиллаж ирлээ.
Нээлттэй, чөлөөт мэдээллийн хэрэгсэл нь ардчилал, эрх чөлөөт байдлын тулгуур багануудын нэг тул жирийн иргэн хүнд ч үнэ төлбөргүй мэдээллийн хэрэгсэлтэй болох боломжийг нээж өгөх, цензургүй бодит мэдээллийн хэрэгсэлтэй болох, мөн мэдлэг мэдээллээ солилцох, санал бодлоо чөлөөтэй илэрхийлэх индэр бий болгохоор зориглон dusal.net веб сайтын зүгээс blog.dusal.net нэртэйгээр энэхүү сайтаа анх нээж, хөгжүүлж эхэлсэн билээ.
Одоо ч энэхүү зорилго зарчмынхаа хүрээнд үйл ажиллагаа явуулах, Монгол улсын болоод олон улсын хууль дүрмийн дагуу, ёс суртахууны хэм хэмжээг баримтлан сайтаа эрхлэн явуулахыг, агуулга, оруулж буй мэдээллүүдэд тодорхой хэмжээнд хяналт тавихыг хичээдэг. "Цензургүй" гэдэг үгийг хууль зөрчинө, ёс суртахуунаас гадуур гэсэн үг гэсэн үг биш болов уу. Тиймээс тус сайт хэрэглэгчидтэйгээ үйлчилгээний нөхцөл тохиролцоо хийдэг ба, үүнийхээ дагуу үйл ажиллагаа явуулдаг.
Магадгүй зарим цөөн тохиолдолд сайтын удирдагчийн дүгнэлтээр үйлчилгээний нөхцөл зөрчсөн блогуудыг хориглохгүй үргэлжлүүлэн хөтлүүлэх, зарим блогийг тухайн үед нь үйлчилгээний нөхцөлд өөрчлөлт оруулан хориглох боломжтой. Гэсэн ч бусад олон Монгол болоод гадаад сайтууд байдаг тул манайх дээр байрлах боломжгүй блогоо ч өөр сайт руу нүүлгэж зөөх боломжуудыг ч олгодог.
Энэхүү сайт нь бизнесийн зорилготой бус, ямар нэгэн ашиг олдоггүй тул зарим нэгэн гишүүдийнхээ дэмжлэгтэйгээр өнөөг хүртэл ажиллаж ирлээ.
Манай сайт нь улс төр, шашины болоод өөр ямар нэгэн байдлаар хэн нэгэнд хамаардаггүй бөгөөд аль болох иймэрхүү хамаарлаас хол байх үүднээс сервер болоод эдийн засгийн хувьд бусдаас дэмжлэг авалгүй одоог хүртэл дотоод боломждоо тулгуурлан ажиллаж ирсэн тул санхүүгийн болоод, техникийн тал дээр зарим нэг асуудалтай тулгарч байсан, одоо ч зарим нэгэн асуудалтай байдаг хэдий ч зорилгоосоо ухралгүй үргэлжүүлэн ажиллуулж байна.
Сайт маань нээгдсэнээс хойш блог бичдэг залуус хоорондоо танилцан нүүр нүүрээ хараагүй ч хоорондоо интернетээр холбогдон "Амьдрах хүслэн", "Монгол хүүхэд" зэрэг сайн дурын хөдөлгөөн, санаачилгуудыг өрнүүлэн хүмүүст тусалж, хоорондоо найзлан холбогдож сайн сайхан зүйл хийж байгаад сайтын удирдагч админы зүгээс маш их баяртай байдаг.
Тус сайтын талаар илүү ихийг мэдэх, асууж лавлах зүйл танд байгаа бол манай мэйл хаяг, блогийн маань сэтгэгдлийн талбараар харилцаж болно.
Мөн та техникийн боломжийн хувьд эрх чөлөөтэй, олон боломжийг агуулсан, чөлөөтэй, боломжийн тохилог манай сайт дээр блогоо нээн хөтлөхийг урьж байна.